АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Мексикийн буланд газрын тос олборлож байгаад осол гаргаж байгаль орчинд ноцтой аюул учруулаад байгаа Их Британийн “Би Пи” компаниас 20 тэрбум долларын нөхөн төлбөр гаргуулж, далайн уснаас хоолоо залгуулдаг байсан иргэд, аж ахуйн нэгжид өгөхөөр боллоо. Энэ үйл явдлыг АНУ-ын хэвлэлүүд далайд газрын тос алдагдаад найман долоо хоног болсноос хойш дуулдаж байгаа анхны чихэнд чимэгтэй мэдээ гэж нэрлэв.
Ерөнхийлөгч Б.Обама дундаа завсарлагатайгаар тус компанийн удирдлагуудтай дөрвөн цагийн уулзалт хийжээ. “Би Пи” компанийн ерөнхийлөгч КарлХенрих Сванберг америкчуудаас уучлалт гуйгаад “Аймшигт осол дахин давтагдах ёсгүй. Жижиг бизнес эрхлэгчдэд доллар, цент чухал биш гэдгийг би ойлгож байна. Мөнгө тэдний сэтгэлийг тайтгаруулж чадахгүй” гэжээ. Нөхөн төлбөр олгуулах сан байгуулах хэцүү биш ч мөнгийг хэнд, яаж өгөх вэ гэдэг нь асуудал болж мэдэхээр байна. Ерөнхийлөгч Б.Обама анхнаасаа тус сангийн асуудалд Засгийн газар, “Би Пи” хоёр оролцохгүй гэсэн шаардлага тавьсан аж. Гэхдээ хяналт тавих нь ойлгомжтой. Сангийн удирдлагыг “Төлбөрийн хаан” гэгддэг Кеннет Фейнберг удирдах бололтой. Энэ эрхэм Засгийн газраас есдүгээр сарын 11-ний террорист халдлагад өртөн хохирсон хүмүүст олгох долоон тэрбум долларын асуудлыг шийдвэрлэн нэрд гарчээ. “Би Пи” компани нөхөн төлбөрийн сангийн мөнгийг хувьцаагаараа барьцаалан 20 тэрбум долларын облигаци гарган олох бололтой. Санхүүгийн шинжээч Байрон Гроте “Тус компани облигацаа борлуулсны дараа төлөх болзолтойгоор мөнгө зээлж болох юм. Гэвч компанийн санхүүгийн одоогийн байдал зээлдүүлэгчдийг үргээж магад.
“Би Пи” компани өнгөрсөн гуравдугаар сард ердөө зургаан тэрбум долларын бэлэн мөнгө, түүнтэй тэнцэх хөрөнгө байгаа хэмээн мэдэгдсэн. Одоо нэмэгдсэн байх боломжгүй” гэжээ. Түүнээс гадна “Би Пи” компани энэ зургадугаар сарын 21-нд өгөх ёстой ногдол ашгийн 2.3 тэрбум долларыг өгч чадахгүй гэж мэдэгдсэн. Тохиролцооны дагуу “Би Пи” компани нөхөн төлбөрийн санд энэ зун гурван тэрбум, намар хоёр тэрбум долларыг тус тус хийх бөгөөд үүнээс хойш улирал бүр 1.25 тэрбум доллар хийсээр 20 тэрбумд хүргэх учиртай. Ерөнхийлөгч Б.Обама “Би Пи” компанийг хүчтэй, боломжтой компани хэмээн тодорхойлон зүтгүүлж байгаа ч сангийн мөнгийг бүрдүүлэхээр хэт хүчилсэн тохиолдолд дампуурлаас өөр гарц энэ компанид байхгүй. Дампуурлаас хэн ч юу ч хожихгүй.
Байгаль орчинд хохирол учруулсны нөхөн төлбөрийг нэмсэн тохиолдолд 20 тэрбум доллар хаанаа ч хүрэхгүй гэж шинжээчид баталж байгаа. Байгаль орчныг хамгаалах хуулийн дагуу далайд асгарсан нэг баррель газрын тос тутамд 1100 ам. долларын торгууль төлөх ёстой. Тэгэхээр багаар бодоход гурван тэрбум долларын торгууль хүлээж байгаа хэрэг. Хэрэв буруутай үйл ажиллагааны улмаас газрын тос алдсан нь тогтоогдвол төлбөр нь баррель тутам 4300 доллар болно. Мөнгөн дүнгээрээ 12 тэрбум доллар. Энэ хэмжээний торгууль, нөхөн төлбөрийн дороос босож ирэх компани байхгүй. Байгаад ч сүйрсэн байгаль орчин дахиад сэргэж, урьдын хэвэндээ орохгүй. Тус компанийн удирдлагуудад Конгрессоос “урилга” ирчихээд байгаа. Тэнд халуухан юм болно хэмээн дэлхий даяараа чих тавьж байна. Дахин ийм явдал гаргуулахгүйн тулд Мексикийн буланд чухам юу болоод байгааг Конгрессийн гишүүд нэгд нэгэнгүй мэдэхийг хүсэж байгаа юм.
Алдагдаж байгаа газрын тосны 90 хүртэлх хувийг соруулж авах технологийг удахгүй суурилуулна гэж “Би Пи” амлаж байгаа ч наймдугаар сар хүртэл газрын тос шүүрсээр байх аж.
О.Тогоо