АНУ Кыргызэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж 32 сая доллар өгөх шийдвэр гаргажээ. Энэ мөнгийг тус улсын дэд бүтцийг сэргээж, нийгмийн ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах юм байна. Мөн уг мөнгөний нэлээд хэсгийг Кыргызэд болсон мөргөлдөөний үеэр хөрш зэргэлдээх Узбек улс руу дүрвэгсдэд тусламж болгон өгөхөөс гадна эм тариа, эн тэргүүнд шаардлагатай зүйлс худалдан авахад зарцуулах юм байна.
Дэлхийн олон орон, тухайлбал Орос, мөн Европын холбооны гишүүн Франц, Эстони зэрэг улс Кыргызэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Олон улсын байгууллагууд, юуны түрүүнд НҮБ, Улаан загалмай Кыргызэд хүмүүнлэгийн ачаа хүргүүлээд байна.
Энэ сарын 11-нд шилжих шөнө Кыргызийн өмнө зүгийн Ош мужид кыргыз, узбек иргэдийн хооронд мөргөлдөөн болж, тэр нь олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон даамжирсны улмаас тус улсын нөхцөл байдал дахин хурцадсан юм. Мөргөлдөөний улмаас 190 хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн бэртэж шархадсан тухай Кыргызийн Эрүүл мэндийн яам мэдээлсэн. Мөргөлдөөний дараагаар нутгийн узбек иргэд Кыргызээс яаралтай гарцгааж, дүрвэгсдийн тоо хэдэн мянгад хүрсэн учраас Кыргызийн эрх баригчид Узбек улстай залгаа хилээ хаахад хүрсэн билээ.
Б. БУЯНЦОГ