Байр хамтран хөлсөлдөг залуугаа алж, биеийн зарим хэсгийг нь идсэн 39 настай Николас Коканы шүүх хурал Францад эхэллээ. Тэрбээр хамтрагчаа хөнөөн хавиргыг нь эвдэн уушигийг нь идсэн гэдгээ хүлээгээд байгаа юм. Харин түүний өмгөөлөгчид Н.Коканы ухаан санаа бүрэн, хэрэг хүлээх чадвартай эсэхэд дахин шинжилгээ хийх хүсэлт гаргаад байна.
“Гэмт хэрэгтэн хамтрагчаа хайчаар хутгалан шархдуулаад, гялгар уут толгойд нь углан боож алсан. Үүнийгээ өөрөө хүлээсэн” хэмээн шүүх хурал дээр мэдэгдсэн. Гэмт хэрэгтэн хүн алсан шалтгаанаа “Түүний хүч чадлыг нь авахын тулд алж зүрхийг нь идэхийг хүссэн” хэмээн мэдүүлжээ. Мөрдөгчдийн нотолж байгаагаар гэмт хэрэгтэн бага зэрэг андуурч хохирогчийн зүрхийг биш уушигийг нь идсэн аж.
Хүчингийн хэргээр ял эдэлж байсан Н.Кокан гурван настайдаа айлд өргүүлж, бага нас нь зовлон бэрхшээлээр дүүрэн хүн аж. Түүнд бүх насаар нь хорих ял оноох магадлалтай юм байна.