Өөх тос ихтэй түргэн болон боловсруулсан хоолны улмаас Их Британид жил бүр 40.000 хүн эндэж, зүрх судасны өвчин, эмчилгээний зардал эдийн засагт дарамт учруулж байна гэж тус улсын Эрүүл мэндийн хүрээлэн мэдэгдлээ. Ийм төрлийн хоолнууд давс, өөх тос ихтэй байдгаас олон өвчний шалтгаан болдог аж. Иймд эдгээр хоолны орцыг өөрчлөх, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх бодлого боловсруулахыг тус хүрээлэнгийнхэн Засгийн газарт уриалжээ.
Өөх тостой хэт боловсруулсан хоол нь хүний биед хэрэгцээтэй илчлэгийг өгж чаддаггүй аж. Эрүүл мэндийн хүрээлэнгийн профессор Клим Макферсон “Өнөөдөр Их Британийн дундаж иргэн өдөртөө найман грам давс хэрэглэж байна. Хүний биед өдөрт нэг грамм давс л хангалттай байдаг” гэжээ. Хүнсний зүйл дэх давсны хэрэглээг бууруулах хөтөлбөрийг тус хүрээлэн боловсруулсан агаад Засгийг газраас стандарт тогтоож чадвал давсны хэрэглээг 2015 он гэхэд өдөрт зургаан грамм, 2050 онд гурван грамм хүртэл бууруулах боломжтой гэнэ. Давсны агууламжийг нь бууруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хүмүүст амсуулж үзэхэд өөрчлөлт орсныг нь бараг анзаардаггүй болох нь туршилтаар батлагджээ.
Гэвч Хүнс, архи үйлдвэрлэгчдийн холбооныхон уг уриалгыг эсэргүүцээд, “Хүнс үйлдвэрлэгчид зах зээлд танил болсон брэнд бүтээгдэхүүнийхээ орц, жорыг тийм амархан өөрчлөхгүй. Маш их хугацаа мөнгө шаардсан ажил” гэжээ.