Олон америк хүн Цагаан ордны өнөөгийн тэргүүн Барак Обамаг дахин Ерөнхийлөгчөөр сонгох хүсэлгүй байна. “Гэллап” судалгааны байгууллагаас олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн ингэж гарчээ.
Уг санал асуулгад оролцсон Америкийн оршин суугчдын 51 хувь нь 2012 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Обама ялагч болон гарч ирэхийг үзмээргүй байна хэмээн мэдэгджээ.
Харин санал асуулгын хуудас бөглөсөн нэг сая орчим хүний 46 хувь нь өнөөгийн Төрийн тэргүүн дахин сонгогдох ёстой хэмээн хариулсан байна. “Расмуссен рипортс” судалгааны төвөөс явуулсан өөр нэг санал асуулгаар Б.Обамагийн чансаа хамгийн доод цэгтээ хүртэл унасан дүн гарчээ.
Судалгаанд оролцсон АНУ-ын оршин суугч 1.5 сая насанд хүрэгчдийн дөнгөж 41 хувь нь Цагаан ордны өнөөгийн тэргүүний явуулж буй бодлого, үйл ажиллагааг дэмжсэн байна.