“Өнөөдөр” сонин ө ч и г д р и й н дугаартаа хатагтай Мари Кивиниемийг Финландын Ерөнхий сайдаар сонгосон тухай мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр Австралийн парламентад олонх болдог лейбористууд Жулиа Гиллардыг ногоон гэрлээр баталж, тэрбээр тус улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайд болж, Засгийн газрыг тэргүүлж буй хатагтай нарын тоог нэгээр нэмлээ. Ж.Гиллард эрх баригч Лейборист намын тэргүүнээр сонгогдож, Кевин Раддын халааг авав. К.Радд Австралийн лейбористуудыг 2006 оноос тэргүүлж, 2007 оны арванхоёрдугаар сард
нам нь сонгуульд ялсны дараа Ерөнхий сайд болсон юм.
К.Радд хэдхэн сарын дараа намын дотоодод болох сонгуульд ялах магадлал тун бага гэж үзээд орлогчдоо ийнхүү зайгаа тавьж өгчээ. К.Раддын сүүлийн саруудад гаргасан улс төрийн шийдвэр, тухайлбал компаниудын эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөсөн хийгээд Австралийн хүрээлэн буй орчин эрс бохирдсон зэрэг нь түүний хувьд эсрэгээр тусаж, мань хүнийг ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ.
Жулиа Эйлин Гиллард (Julia Eileen Gillard) 1961 онд Их Британийн Уэлсэд төржээ. Тэднийх 1961 онд Австралид шилжин ирсэн аж. Иймээс Гиллард Австралийн анхны эмэгтэй Ерөнхий сайд төдийгүй тус улсын Засгийн газарт хамгийн өндөр албан тушаал хашиж буй анхны “гаднын” хүн болж буй юм. Гиллард 1998 оноос парламентын депутатад Лейборист намаас сонгогдон ажиллажээ. Тэрбээр 2006 оны арван хоёрдугаар сард нам дотроо хоёр дахь албан тушаал болох Кевин Рад дын орлогч болсон байна. Гиллард 2007 оны арванхоёрдугаар сараас Австралийн Ерөнхий сайдын орлогчоор ажиллажээ. Жулиа Гиллард нөхөр, хүүхэдгүй юм байна.
Гиллард Ерөнхий сайд болоод Австралийн гадаад бодлогыг үндсээр нь өөрчлөх нь ер юу л бол, ногоон тивийн хязгаарлагдмал тооны цэргүүд Афганистанд албаа үргэлжлүүлэн хаасаар л байна гэж зарим агентлаг цохон тэмдэглэж байна.
Б. БУЯНЦОГ