“Их найм”-ын удирдагчдын уулзалт зургадугаар сарын 25-нд Канадын Торонто хотоос 140 бээрийн зайтай орших амралтын газарт болж, эдийн засаг аюулгүй байдлын талаар ярилцаж уриалга гаргалаа. Эдийн засгийн хямралын дараа бага болов ч сэргээд байгаа эдийн засгийн өсөлтийг хадгалах улмаар өсгөх, энэ зорилтыг хэрхэн хангах талаар нэгдмэл байр сууринд хүрэх нь удирдагчдын гол зорилго байв.
Гэвч нэгдмэл байр суурьт хүрч чадсангүй. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ банкаар дамжуулан зах зээлд их хэмжээний мөнгө шахах нь эдийн засгийн өсөлтийг хэвээр хадгалж, зах зээлд эрэлт буй болгох зөв зүйтэй арга гэсэн байр суурьтай байгаа юм.
Харин Европын холбоо, Япон зэрэг орнууд Грект болсонтой адил дампуурлаас зайлсхийхийн тулд төсвийн зардлаа хумьж, татвараа нэмэх бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.
АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер “Хямрал бүрэн арилаагүй. Нөлөө нь мэдэгдсээр байна. Европын холбоо, Япон зах зээлдээ мөнгө шахсанаар дотооддоо эрэлт буй болгоно. Ингэснээр эдгээр зах зээл рүү чиглэсэн экспортын эдийн засгийн (Бразил, Энэтхэг) өсөлтийг барих боломж бүрдэнэ” гэсэн байна.
“Их Найм”-ын удирдагчид дэлхийн эдийн засаг эмзэг хэвээр байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд, “Бид эдийн засгийг хямралаас ангид байлгахын төлөө хамтран ажиллах болно” хэмээн хамтарсан мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ. “Европын холбооны орнууд төсвийн зардлыг хумьж, татвар нэмэгдүүлэх бодлого явуулах нь дэндүү болгоомжгүй хэрэг” гэж Өмнөд Америкт экспортоор толгой цохидог Аргентин, Бразилийн Сангийн сайд нар мэдэгдэв. Дээд хэмжээний уулзалтад оролцсон удирдагчид гуравдугаар сард Өмнөд Солонгосын байлдааны хөлгийг устгасан Хойд Солонгосын үйлдлийг эрс буруутгасан мэдэгдэл хийлээ.
Б.Обама энэ асуудлаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бактай уулзаж, түүний байр суурийг хуваалцаж байгаагаа илэрхийлэв. Удирдагчид цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг санаархаж байгаа Иран, Хойд Солонгосын байр суурийг хурцаар шүүмжлээд, Гаазын
зурвасыг бүслэн хаах Израилын бодлого Ойрх Дорнодод тогтворгүй байдал үүсгэж байна хэмээн буруутгав. “Их найм” эдийн засгийн хямрал ядуурлыг бууруулах тухай НҮБ-ын хөтөлбөрт ихээхэн саад болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд ирэх таван жилд хөгжиж буй орнуудад ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулан таван тэрбум долларын хандив өгөхөөр амлав.
Удирдагчид “Их хорь”-ийн уулзалтад оролцохоор зургадугаар сарын 26- нд Торонтод очих байсан ч манантай байсан учраас газраар явахаас өөр аргагүй болсон байна. Харин Б.Обама уужуу сэтгэл гаргаж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероныг өө- рийн нисдэг тэргэндээ дайж, Торонтог зорьжээ. “Их хорь”-ийн уулзалтад оролцогсод дэлхийн эдийн засагт тээг болж, өвчин тусчихаад байгаа хүний дүрд “Хөгшин Европ”-ыг тоглууллаа.
Европын эдийн засгийн зүтгүүр болох Их Британи, Герман, Францын гаргасан олон улсын банкуудын өр, авлагад татвар оноох саналыг нэг ч улс дэмжсэнгүй. Олон арван жилийн хөдөлмөрөөр буй болгосон Европын холбооны эдийн засгийн интеграци, түүний мөнгөн тэмдэгт болох еврог аврах гэсэн тус холбооны саналыг “Их хорь”-ийн гишүүд хурцаар шүүмжлэв.
Германы канцлер Ангела Меркель “Бид маргаашийн тухай хэлэлцэж байна. Харамсалтай нь банк болон санхүүгийн системд нэвтрүүлэх гэсэн татварын талаар тохиролцоонд хүрч чадсангүй” гэлээ.
Алдагдлаа бууруулахын тулд төсвөө танах, татвар нэмэх бодлогоосоо эдгээр орнууд татгалзах бодолгүй байна. Канад улс дэлхийн хэмжээний хоёр том уулзалтыг зохион байгуулахад нэг тэрбум доллар зарцуулжээ.
О.Тогоо