Кыргызийн иргэдийн 91 хувь нь ард нийтийн санал асуулгаар тус улсын шинэ Үндсэн хуулийг батлахыг дэмжжээ. Саналын хуудсын ихэнхийг тоолж дууссаны дараа Кыргызийн Сонгуулийн төв комисс энэ тухай мэдээлсэн байна. Ард нийтийн санал асуулгын ирц 70 орчим хувьтай байжээ.
Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга Кыргыз улс Ерөнхийлөгчийн засаглалаас Пар ла ментын засаглалд шилжихийг санал болгож буй юм. Түүнээс гадна сонгогчид ирэх оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл Роза Отунбаеваг Кыргыз улсын Ерөнхийлөгчөөр томилох тухай асуултад хариулжээ.
Отунбаева өөрийг нь тус Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч гэж хууль ёсоор зөвшөөрөхөд шаардлагатай тооны санал авсан тухай Оросын ИТАР-ТАСС агентлаг дамжууллаа. Санал өгөгчдийн тал илүү хувь нь буюу 1.9 сая иргэн дэмжжээ.
Санал асуулгын үед ноцтой зөрчил гараагүй байна.
Кыргызийн Түр Засгийн газрын тэргүүн Роза Отунбаева ард нийтийн санал асуулгын дүнгээр шинэ Үндсэн хуулийг баталсан тухай зарлажээ. Түүний хэлснээс үзвэл Кыргыз улсад засаглалын хууль ёсны байгууллага бий болж буй юм байна. “Түр Засгийн газар хууль ёсны боллоо” гэж Р.Отунбаева мэдэгджээ.
Сайд нарын танхимын шинэ бүрэлдэхүүнийг ирэх сарын 10-нд эмхлэн байгуулна хэмээн тэрбээр хэлсэн байна. Засгийн газарт ирэх парламентын сонгуульд оролцохоор бэлтгэж буй улс төрийн намуудын тэргүүн орох ажээ. Р. Отунбаевагийн хэлснээс үзвэл Засгийн газрын өнөөгийн бүрэлдэхүүн парламентыг сонгох хүртэлх хугацаанд “хямралтай үед хууль тогтоомж баталж байх” хороо юм уу Ассамблей болох юм байна.
Б. БУЯНЦОГ