Хятад, Тайвань эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлэх “Худалдааны татварыг бууруулах хэлэлцээр”-ийг үзэглэв. Хятадын Чунцин хотноо болсон энэ үйл явдлыг Хятадын мэдээллийн сувгууд шууд дамжуулав. Бараг 60 жил үргэлжилсэн улс төрийн шалтгаантай хямралыг намжаахад энэхүү хэлэлцээр эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Хэлэлцээрийг үзэглэснээр олон зуун нэр төрлийн бараанд ногддог татвар байхгүй болохоос гадна Тайванийн компаниуд Хятадын банк, даатгал, эрүүл мэнд зэрэг 11 салбарт орж ирэх боломжийг нээж байгаа юм. Одоогоор жилдээ 110 тэрбум долларт хүрчихээд байгаа хоёр талын худалдаа, хэлэлцээр байгуулагдсанаар улам өснө гэж мэргэжилтнүүд дүгнэв.
Тайванийн тал хэлэлцээрийг “Харилцаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэх боломж нээгдлээ. Харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах бололцоог бид алдах ёсгүй” гэсэн бол Бээжин үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн. Улс төрийн шинжтэй хямралын жилүүдэд ч хөрөнгө оруулалт саараагүй бөгөөд
өнгөрсөн 20 жил Тайванийн компаниуд Хятадад 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Хятадтай энэ хэлэлцээрийг байгуулснаар компаниудын өрсөлдөх чадвар эрс дээшилнэ гэж Тайвань үзэж байгаа юм.
О.ТОГОО