Дэлхийн ур чадварын олимпод Монголоос оролцох багийн гишүүд тодорсоор байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн “Монгол ур чадвар-2015” тэмцээний ялагчид Бразилийн Сан Паулуд ирэх наймдугаар сарын 11-16-нд болох Ур чадварын 43 дахь олимпод дэлхийн 71 орны үе тэнгийнхэнтэйгээ эзэмшсэн мэргэжлээрээ өрсөлдөх юм. Одоогоор цахилгаан, өрлөг угсралт, хавтанцар наах, токарь, тогоочийн мэргэжлээр өрсөлдөх залуус тодорсон.
Энэ долоо хоногт мужаан, гагнуур, үсчин, гоо заслын мэргэжлээр Бразил явах залуусын нэр тодорхой болох юм.
“Бразил-2015” Дэлхийн ур чадварын тэмцээнд токарь фрезерчний мэргэжлээр Барилгын политехник коллежийн токарийн ангийн сурагч Хадаагийн Лхагва эх орноо төлөөлөн оролцоно. Тэрээр энэ жил 17 нас хүрч буй ч эзэмшсэн мэргэжлээрээ хэнээс ч дутахгүй гэдгээ “Монгол ур чадвар-2015” тэмцээнээр харуулсан бөгөөд өрсөлдөгчөөсөө гурван оноо илүү авч 35 оноогоор түрүүлсэн. Харин өрлөг угсралт мэргэжлээр Барилгын политехник коллежийн Жаргалсайханы Энхчимэг, хавтанцар наах төрөлд Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн Бат-Эрдэнийн Мөнгөншагай нар тэргүүлж ирэх наймдугаар сарын 11-16-нд Бразилийн Сан Паулуд болох Дэлхийн ур чадварын олимпод эх орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөхөөр боллоо. Энэ мэргэжлээр өрсөлдсөн хоёр оролцогчийн ажлыг дөрвөн багц шалгуур, 20 гаруй үзүүлэлтээр үнэлж дүгнэжээ.
“Монгол ур чадвар-2015”-ын тогоочийн мэргэжлээр дэлхийд өрсөлдөх оролцогчийг шалгаруулах тэмцээн Монголын хоол урлахуйн нийгэмлэгийн байранд болсон юм. Уг тэмцээнийг Монголын зочлох үйлчилгээний холбоо зохион байгуулсан бөгөөд оролцогчдын мэргэжлийн ур чадварыг сорих даалгаварыг англи хэлээр өгснөөс гадна шүүгчдийн бүрэлдэхүүнийг гадны тогооч нараар бүрдүүлжээ. Мөн тэмцээнийг хэр шударга зөв явж буйг ажиглах хөндлөнгийн ажиглагч нарыг оролцуулжээ. Тэмцээнд “Монгол ур чадвар-2014” тэмцээнээс шалгарсан Техник технологийн дээд сургуулийн тогоочийн хоёрдугаар ангийн Бат-Оюуны Мөнх-Эрдэнэ 73.8 оноогоор тэргүүлж Бразилд өрсөлдөх эрх гардлаа.