Террористуудын халдлагад өртсөн Тунис улсын "Бардо" музей өнөөдөр дахин нээгдлээ. Өнгөрсөн долоо хоногт уг музейд халдлага болсны улмаас наад зах нь 22 хүн амиа алдсаны дийлэнх нь Европын орнуудаас ирсэн жуулчид байсан юм.
Музейг нээхийн өмнө амь үрэгсэддийг хүндэтгэх цуглаан болж, тэдний дурсгалд зориулж хөгжмийн концерт тоглосон аж.
“Лалын улс” бүлэглэлийн үйлдсэн халдлагын улмаас улс орны эдийн засагт чухал үүрэгтэй аялал жуулчлалын салбар хүнд байдалд орох вий хэмээн тунисчууд болгоомжилж байна.
Тунисын Ерөнхий сайд цагдаагийн зургаан өндөр албан тушаалтныг даваа гарагт албан тушаалаас нь огцруулсан билээ.