“Дайны хажуугаар дажин” гэгчээр хямралын хажуугаар биднийгээ ганц түйвээдэг зовлон чинь улстөрчид юм байна шүү дээ... Хавар уг нь сайхан улирал. Нарны илчинд нал шал болохыг, гудамжинд хүмүүс тайван алхахыг, хүүхдүүд бөмбөг өшиглөн хөөрцөглөхийг хараач. Сүүлийн хэд хоногт хэрүүл тэмцэлгүй амгалан байна. Монголын сайхан оронд жилийн жилд дэлгэрдэг улс төрийн улигт синдром энэ хаврын өдрүүдэд чимээгүй байх чинь. Энэ, тэр улстөрчдийн нүүрээ оодсон жүжиггүй, эрээвэр хураавар мэдэгдэлгүй, албан тушаалын алаангүй, өс хонзонгийн дуульгүй. Буйданд шигдэн суваг сольсон шигээ, улс төргүйгээр үдшийг өнгөрүүлэх боломж арай гэж олдлоо. Мөнөөх 76-г амрахад Монголын зоо тэнийх болжээ. Популизмтайгаа хамт арилж одсон эрхэм гишүүдэд ийм гоё хаврын өдрүүдийн төлөө талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Намрын чуулган завсарламагц өлсгөлөн зарласан бөө удгад хүртэл “тэнгэрийн зарлигаа” мартсан уу, улстөрчдийг дагаад гэртээ харив. Тэдэндээ ч бас баярлалаа. ...Хоосон түрийвч халаас холгож, хоолгүй ходоод тархи өвтгөсөн тарчиг хавар болж байгаа нь үнэн.
Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийн үзүүлэлтүүд илт доошилж, тусгалыг нь ард түмэн ахуй амьдралдаа илэрхий хүндээр амсаж буй. Монголчуудын дийлэнх олонх дундаж давхаргаас доогуур түвшинд амь зуудаг тул хямрал бидэнд хэрхэн “үйлчилж” байгаа нь ойлгомжтой биз ээ. Тиймээс сонгогчид эрх баригчдын тухайд таагүй сэтгэгдэл тээж яваагаа “Сант марал”-ын санал асуулгад илэрхийлсэн талаар бид мэдээлсэн. Ийм л эмзэг хавар болж байгаа бөгөөд “цаг агаарын” яг ийм уур амьсгалд сонгуулийн урь цагаасаа эрт ордог жамтай. Одоо л манай 76-гийн илбэ шид бүрдэх цаг. “Аливээ, үзүүлээд өг” гэвэл уран нугарч, акробат эргэж ч чадна. Д.Арвин хатагтай алчуур зүүн хана будаж, ноён Ц.Даваасүрэн сам барин ямаа маажаад эхэлсэн билээ. Л.Гантөмөр сайд л гэхэд морин хуураар наадаж, цэцэрлэгийн маамуунуудтай зэрэгцээд суучихсан “өхөөрдөм” зургуудаа тарааж явна лээ. Үүнээс хойш юу ч болж мэднэ. Хал балгүй “хөөрхөн” байвал болж л байна. Харин “Дайны хажуугаар дажин” гэгчээр хямралын хажуугаар биднийгээ ганц түйвээдэг зовлон чинь сонгуулиар өвдсөн улстөрчдийн хэрүүл тэмцэл, хов жив, гүтгэлэгт хар явдлууд юм. Ажил хэрэгч хүмүүс мэдээж улс төрийг, эдийн засгийн тухай яриа хөөрөөг сонирхож, хэрэгцээтэй мэдээллээ цуглуулдаг нь эрүүл үйл явц.
Харин хямралын үед олон нийт хэт улстөржсөн хэрүүл тэмцэл, гэмт хэрэг, хов жив зэрэг хар бараан мэдээлэлд автдаг талаар нийгмийн сэтгэл зүйчид анхааруулдаг. Нийгмийн ийм сэтгэл зүйг улстөрчид амин хувь болоод улаан нүүрнийхээ төлөө гаргуун ашиглахаа ч андах биш. Тэдний популизм эдийн засгийн хямралыг гэтлэн туулах гаргалгааг ямагт буруу тийш залж, Монголын бэрхшээлийг өөгшүүлсээр ирсэн гашуун туршлагатай. Саяхны нэгэн жишээг татъя. Шийдлийн Засгийн газрын 100 хоногийн “төрсөн өдөр” тохиогоод удаагүй байна. Гэтэл бүхэл бүтэн гүйцэтгэх засаглал “Эдийн засаг” хэмээн гурвантаа амласнаас өөр хийсэн ажилгүй шахам суув. Аргаа барахдаа ард түмнээсээ мессежээр ажлаа асуусан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бол Монголын нэгэн эмгэнэл, хөөрхий. Засгийн газар эдийн засгийн хямралыг гэтлэх ухаанаа сайхан бүсгүйн тэмцээн, дуу бүжгийн уралдааны шалгаруулалт шиг мессежийн дүнгээр олж мэддэг жишиг яагаад тогтох болов? Ч.Сайханбилэг хүүхдээр бол хэт “номын” талдаа хүн болохоор шийдэл гаргахаас айж байна. Тиймээс олон нийтийн саналыг мессежээр авдаг телевизийн шоуны жишгийг хуулбарласан. Мессежийн дүн зөв, буруу гарсан талаар энд шүүхгүй.
Арга барил нь хэтэрхий хөнгөмсөг юм. Нөгөө л популистуудаас айгаад тэр шүү дээ. Улстөрждөгүүд нь уурлаж “Чи эх орноосоо урвалаа” гэвэл ч.Сайханбилэг өмнөөс нь “Би биш, миний ард түмэн” гэж хариулахгүй юу. Энэ мэтчилэн “Шийдлийн“ хэмээгч аймхай Засгийн газрыг Монголын популистууд төрүүлчихээд байна. Юу ч шийдэхгүй, юу ч хийж амжуулахгүй. “Монголд тайван амьдрах ямар нөхцөл байгаа юм бэ, улстөрчдөд амарч хэвтэх эрх байхгүй” гэж уншигчдын зарим нь уурлаж магадгүй. Үнэхээр ч манайх улстөрчид нь жаргаад байх хэмжээний улс орон биш. Цалин, орлогоороо амьдралын өртгөө дийлэхгүй сөхөрч байгаа хүмүүс, өдрөөс өдөрт доройтож байгаа эдийн засгийн үзүүлэлтүүдийг харвал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ажиллах, ажиллах, бас дахин ажиллахыг даалгах цаг санж. УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх товтой. Их улс төрийн шоуны улирлын эхний тоглолт гэж үүнийг хараарай. Тиймээс чуулганы нээлт ердийн өнгөрөх нь юу л бол. Нэг мундаг нь индрийг эзэгнэнхэн төрдөг уламжлал давтагдах нь дамжиггүй. Нөгөө 76 ч бас зүгээр суухгүй. Дуран руу амь тавих шахам мацалдаж, өөд уруугүй бурж гарна. Тэдний юу гэх нь ч ойлгомжтой. “Ард түмний амьдрал...”, “Арай ч дээ...”, “Шударга бус явдалтай эвлэрч чадахгүй”. Хаврын чуулганы нээлт, ялангуяа сонгуулийн өмнөх жилийнх гэдэг утгаараа сюрпризээр дүүрэн байх нь лавтай. Ноёдын чуулган хөлдөө Монголын амар амгаланг чирэх вий. “Сургууль нураасай” гэдэг шиг УИХ-ын чуулганы завсарлага удаан үргэлжлээсэй билээ. Манийхаа аж амьдралаар далим үсэргэн шоудагчдын популист улс төр түр ч атугай намжсан юмсан.
Б.ЭНХЦЭЦЭГ