Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохио дамжуулах, тэр тохиолдолд яаралтай нүүлгэн шилжүүлэх дадлага, сургуулилалтыг жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16.00 цагт улс орон даяар зохион байгуулах журам бий. Өнөөдөр энэхүү дадлага, сургуулилалт болох бөгөөд нийслэлийн есөн дүүрэгт шинээр суурилуулсан зарлан мэдээлэх орчин үеийн дуут дохиоллын цамхгаар дамжуулан ажиллах гэнэ.
Газар хөдлөх үед зарлан мэдээлэх дохиогоор хэрхэн ажиллах, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг яаж зохион байгуулах, яавал өөрийгөө болон өрөөлийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх зэрэг дадлага хийх юм байна. Харин зарлан мэдээллийн дуут цамхаг суурилуулаагүй, эсвэл сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод дадлагын үеэр онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн шуурхай албаны автомашины дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар мэдээллийг хүргэх аж.
Тиймээс хүмүүсийг цочиж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг даган сургуулилалтад идэвхтэй оролцохыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөв.