Төгөлдөр хуурын даруул дээр арван хуруу бүжнэ. Ер бусын цоглог хэмнэл, олон өнгөөр сүлжилдэх аялгуунууд ээлж дарааллаар эгшиглэж, сонсон суугаа нэгний сэтгэлийг хөглөж басхүү догдлуулна. Нэрт хөгжмийн зохиолч, төрийн соёрхолт, ардын жүжигчин С.Гончинсумлаагийн нэрэмжит Хөгжмийн зохиолчдын “Шилдэг бүтээл” тодруулах тэмцээний шалгаруулалт дээрх энэ дүр зураг сэтгэлд тод үлджээ.
Тэмцээнийг өнгөрсөн онд “Өрнийн хөгжмийн соёл Монголд түгэн, дэлгэрсний 100 жил”-д зориулан анх зохион байгуулж байсан бол энэ жил С.Гончигсумлаа агсны мэндлэсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгд багтааж, их зохиолчийн нэрэмжит болгожээ. Хөгжим бүжгийн коллеж, “Жанцанноров сан”-тай хамтран зохион байгуулж буй төгөлдөр хуурчдын урын санг баяжуулах зорилготой уг тэмцээнийг Хөгжим бүжгийн коллежийн ахлах, дунд ангийн сурагчид, насанд хүрэгчид гэсэн ангиллаар явуулсан бөгөөд оролцогчдын бүтээлийг дөрвөн сарын хугацаанд шүүж, эцсийн шалгаруулалтыг энэ сарын 24-нд танилцуулсан юм.
ХБК-ийн сурагчдаас тэргүүн байрт З.Мөнх-Өлзий “Өдрийн зүүд”, хоёрдугаарт Н.Цэнгүүнхишиг “Бодол”, гуравдугаарт Б.Дөлгөөнтамирын “Бодлын солонго” бүтээл тус тус шалгарсан бол насанд хүрэгчдийн ангилалд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Рапсоди” зохиол шилдгийн шилдэг болж, хоёрдугаар байрт Х.Мөнх-Ертөнц “Токката”, гуравдугаарт Б.Батболдын “Хувилбар аяз” зохиол шалгарсан юм.
Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агсны мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг маш олон арга хэмжээг Хөгжим бүжгийн коллеж зохион байгуулж байгаа билээ.