Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багт үхрийн галзуу өвчин гарчээ. Энэ нь айлын хотонд орж ирсэн үнэгнээс халдварласан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Иймд тухайн голомтод 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоож тухайн үнэгтэй ойр байсан үхэр, нохойг устгажээ. Мөн 800 гаруй малыг вакцинжуулсан байна.
Өнгөрсөн сард тус багийн малчин Б-ийн хотонд үнэг орж ирсэн байна. Тухайн үед уг үнэгийг үхэр мөргөж дараа нь хотны нохой нь зуужээ. Иймд гэрийн эзэн уг үнэгийг булж утгасан ч хэд хоногийн дараа үхэр нь өвчилсөн тул энэ сарын 19-нд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт дуудлага өгч шинжилгээ хийлгэжээ. Хариу нь 24-нд гарсан бөгөөд үхрийн галзуу өвчин гэсэн онош илэрсэн байна. Үүний дагуу тухайн айлын хотны гурван нохой мөн үхрийг нь устгаж голомтод нь хорио цээр тогтоолоо. Уг газарт дөрвөн өрхийн 12 иргэн, 800 гаруй мал өвөлждөг юм. Үхрийн галзуу өвчин нь үхрээс үхэрт бус бусад амьтанд шүлс, шархнаас халдварладаг. Малчид бэлчээрийн талбайгаа хашаажуулдаг учир аливаа халдварт өвчин үүсэхэд тархалтыг тодорхой бүсд хянаж, дарах боломжтой болсон гэж Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн хэллээ.