Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Дарамтгүй бизнес-нээлттэй хяналт” сэдэвт хяналтын хуудсыг сурталчлах ажлын нээлтийг зохион байгуулж, олон нийтийн байгууллагын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурлаа.
Бизнес эрхлэж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн эрсдлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тусгасан цогц бичиг баримтыг хяналтын хуудас гэх бөгөөд үүнийг ард иргэдэд сурталчлах, хяналт шалгалтыг ямар шалгуур, арга замаар хэрхэн явуулдаг болохыг мэдүүлэх үүднээс олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тус арга хэмжээнд ХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын холбоо, Барилгачдын холбоо, Хүнсчдийн холбооны төлөөлөл оролцож, хяналтын хуудсыг сурталчлан таниулах, чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагад бизнесийн үйл ажиллагааны төрөл зүйлээс хамааран олгодог 200 орчим төрлийн “Хяналтын хуудас” байдаг бөгөөд уг хуудсыг боловсронгүй болгож, бизнесийн дагаж мөрдөх норм, норматив, дүрэм журмын асуулгууд, байцаагчийн шалгалтын хүрээг ил тод, нээлттэй болгож өгчээ. “Хяналтын хуудас”-тай болсноор бизнесийн байгууллагууд өөрөө өөрийгөө хянах хяналтын тогтолцоо бий болж байгаа аж. Мөн бизнест ямар шаардлага тавигддаг, байцаагч юуг шалгах нь компани, ААН-үүдэд тодорхой, ойлгомжтой, ил тод болж байгаа юм. Ингэснээр хяналт шалгалтыг улсын байцаагчийн нөлөөллөөс ангид адил тэгш хараат бусаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, шалгалт хийхэд гардаг дарамт багасах аж.