Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын хоёрдугаар цэцэрлэг хүүхдүүдэд багаас нь уламжлалт монгол ёс заншлыг эзэмшүүлэхэд ихээхэн анхаарч байна.
Бага насны хүүхдүүдэд мэндлэх хүндлэх ёсыг зааж хэвшүүлэх, үндэсний бүжиг, хөгжим зааж сургаснаар 5-6 настай хүүхдүүд ёочин, ятга, шагайгаар хийсэн шагшуур, бөмбөр зэрэг хөгжмөөр дуу тоглож сурсан байна. Тэд цэцэрлэгийн хамт олондоо болон иргэдэд тоглолт хийж талархал хүлээж байна. “Монгол ёс заншлаа өвлөе” гэсэн ажлыг анги болгонд байнга зохион байгуулж энэ хүрээнд хийх ажлаа багш нар хамтран төлөвлөж ажилласнаар тодорхой үр дүнд хүрч байгаа ажээ.