Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобусыг ухаалаг төлбөрийн системтэй болгох, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх боломж хэрэгцээ сэдвийн хүрээнд холбогдох байгууллагууд өчигдөр санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Зам тээврийн яам, “Улаанбаатар смарт карт” ХХК, Барилга хот байгуулалтын яамны төлөөллүүд хурдны зам, тусгай замын автобус нэвтрүүлэх тухай төсөл танилцуулав. Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгч Жон Лайонс “Нийтийн тээврийн хэрэгслийг ухаалаг системд шилжүүлэхийн тулд олон арга турших хэрэгтэй. Гэхдээ том оврын автобуснаас гадна дугуйн зам, явган хүний замыг орхиж болохгүй. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн хэрэгсэлтэй болохын тулд одоо ашиглаж буй дизель түлшнээс татгалзах нь зөв” гэсэн юм. Манай улс нийтийн тээврийн ухаалаг системийн талаар 2012 оноос судалсан бөгөөд замын түгжрэлийг бууруулахын тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал гэдгийг оролцогчид хэлж байлаа.