Дорноговь аймаг дахь Ханги боомтын гарах чиглэлд энэ сарын 26-нд зорчин явсан иргэн О УАЗ-31512 маркийн автомашины шаланд нуувч болгон бэлтгэсэн сав, нөөц дугуйнд 200 кг зэс тээвэрлэж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Энэхүү зөрчлийг тээврийн хэрэгслийн шалгалтад үүрэг гүйцэтгэж байсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч Н.Тайванжаргал илрүүлжээ. Мөн энэ үеэр улсын хилийн гарах чиглэлд зорчин явсан иргэн О УАЗ-2206 маркын автомашинд 100 ширхэг тэмээний тавхай, иргэн О УАЗ-2206 маркийн автомашины нөөц дугуй, шалнаас зүүсэн саванд 60 ширхэг тэмээний тавхайг тус тус хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ. Үүнийг дүн бүртгэлийн ажилтан Г.Мандах нар тус тус илрүүлсэн байна.