УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Сомнат Гош УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон талын харилцааг хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.
УИХ-ын дарга З.Энхболд энэ онд Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил тохиож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд “Монгол Улсын Засгийн газар түүх, соёлын олон зуун жилийн харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, “гуравдагч хөрш” орны нэг хэмээн үздэг” хэмээгээд цаашид хоёр улсын харилцааны түвшинг хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа илэрхийллээ.
УИХ-ын даргын уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.