“Оюутолгой”-н менежментийг хариуцагч Лондонд төвтэй “Rio Tinto” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Сэм Уолш маргааш манай улсад ирнэ. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Австралийн Мельбурн хотноо Эрдэс баялгийн зөвлөлийн хуралд оролцсон бөгөөд тэндээс шууд Улаанбаатар луу нисэх юм байна.
“Оюутолгой”-н экспортолсон зэсийн баяжмалын хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сард нэг сая тоннд хүрсэн. Эл үйл явдлыг тохиолдуулан тэрбээр Монголд ирэх аж. Өөрөөр хэлбэл, хувь нийлүүлэгчдийн хэлэлцээтэй ямар нэгэн байдлаар холбоогүй болохыг эх сурвалж мэдээллээ.
Төр, засгийн тэргүүнүүдтэй уулзах, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 2013 оны нэгдүгээр сараас хойш “Rio Tinto” группийг тэргүүлж буй Сэм Уолш Монголд хоёр дахь удаагаа хөл тавьж буй нь энэ. Урьд нь төмрийн хүдрийн салбар эрхэлсэн захирал байхдаа “Оюутолгой” төсөлтэй танилцахаар “Rio Tinto”-гийн захирлуудтай ирж байсан юм.
Б.ЦЭЦЭГСҮРЭН