Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, анхны гавьяат багш, биологийн ухааны анхны эрдэмтэн, нэрт зохиолч, доктор, профессор Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. “Д.Цэвэгмидийн амьдрал, уран бүтээл, түүхэн замнал” сэдэвтэй тус хуралд олон хүн илтгэл тавьсан.
Тухайлбал, Д.Цэвэгмид гуай сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хоёр шуудай төмс ялзруулснаас болж сар гаруй шоронд суужээ. Харин МАХН-ын Төв хорооны гишүүдэд Дарвины онолын хичээл заадаг байсан тул уг хэрэг нь цагаадсан гэдгийг академич Ж.Болдбаатар илтгэлдээ дурдсан. Мөн энэ үеэр түүний амьдралыг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэв.
Түүнчлэн МУИС-ийн нэгдүгээр байрны хананд түүнд зориулсан дурсгалын самбар байрлууллаа. Энэ самбарыг түүний хүү, Монгол Улсын төрийн шагналт барималч Ц.Амгалан урласан юм Д.Цэвэгмид нь Монгол Улсаа НҮБын гишүүн болоход онцгой үүрэг гүйцэтгэн, НҮБ-ын индэр дээрээс эх орноо төлөөлөн үг хэлж байсан гэдэг.
“Д.Цэвэгмид” сангийнхан түүний хөшөөг МУБИС-ийн Багшийн сургуулийн урд босгох санаачилга гаргаад байгаа аж.
Э.ЭРДЭНЭ