ГХЯ-наас Дипломат төлөөлөгчдийн газартаа тодорхой хугацаанд ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалт хийдэг. Үүний дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/47 тоот тушаалаар томилогдсон Дотоод аудитын ажлын хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-7-ны хооронд Бээжинд ажиллан, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст шалгалт хийжээ.
Шалгалтаар санхүүгийн болон бусад янз бүрийн зөрчил илэрснийг ажлын хэсгийнхэн яамныхаа удирдлагад гаргасан тайландаа дурдсан байна. Энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ж.Батхишигээс лавлахад “Зөрчил гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл болсон гэж үзэн ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн дуудсан” гэв.
Албан бус эх сурвалжид Бээжинд суугаа Консул О.Энхтөрийг визний наймааны асуудалд холбогдсон гэж буй ч ГХЯ-ныхан уг мэдээллийг няцаасан юм.
Ч.ТУЯА