Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүст зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байгаа юм.
“Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршин, нэгдэх боломжийг олгодог.
"Эх Дэлхийн Цаг-2015" өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 20,30-21,30 цагийн хооронд болох юм. Та энэхүү аянд нэгдэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорихдоо лаа авч очиход л хангалттай. Эсвэл нэг цагийн турш гэрэлээ унтраагаарай.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ.
Харин манай улс 2010 онд албан ёсоор нэгдэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас энэхүү арга хэмжээг зохион байгуулсаар иржээ.