“Дөчтэйд амьдрал эхэлдэг” гэж хэзээний л ярьцгаах. Хэн анх ийн онолдсоныг бүү мэд, лав л хэдэн үеийнхний амьдралд батлагдсаар ирсэн хийгүй хэлц. Одоо хэн нэг нь надаас асуувал “Яг үнэн. Одоо л амьдрал эхэлж байна” гэж итгэлтэйеэ хэлнэ. Хориод жилийн өмнө ажлын газрын эгч нар “Дөчин настайд амьдрал дөнгөж эхэлдэг юм” гэхэд нь огт итгээгүй. Итгээгүйгээр үл барам “Тийм аймаар хөгширсөн хойно амьдрал эхэлнэ гэнэ шүү” хэмээн дооглонгуй бодож билээ.
Дөчин нас бол хуулийн өмнө нас биед хүрснээс хойш хариуцлага дундуур 22 жил туучсан туршлагатай нас. Дунд сургуулийн ширээнээс босоод, мэргэжил, боловсрол эзэмшиж, ажил амьдралын арвин намтар цуглуулсан дурсамж дүүрэн нас. 20-тойдоо хүүхэдтэй болсон, магадгүй тэр нь гэрлэчихсэн гэж бодвол өвөө, эмээ байж ч мэдэх “өндөр” нас. Хэрэв өнөө хэр ганц бие яваа бол хайртайгаа учрахаар яаран догдлох халуухан нас.
Олонх нь одоо л үр хүүхдээс гадна эцэг эхээ асарч халамжлах сэтгэл зүйн болоод хөрөнгө чинээний боломжтой болдог учраас дөч бол баян нас. Тиймээс дөчтэйд амьдрал эхэлдэг юм. Уруулаа будах төдийд л хөөрхөн болчихсон мэт гялалздаг нас бол биш л дээ. Нэг, хоёр гүнзгий зураас нүүрэнд тогтож, буурал үс хэд гурваараа сорлож харагдана. Гуних юу байх вэ.
Дөнгөж эхэлж буй амьдралынхаа бэлгийг өөдрөгөөр хүлээж аваарай. Хорьтойд учирсан дурсамжууд одоо арай өөр өөр харагддаг ч гэсэн сэтгэл хөгжөөн баясгах цоо шинэ амьдрал эхэлсээн. Гэнэн алдаа, гоомой үйлдэл нь хомсхон гал дөлтэй дөчтөнүүд урагшаа.
Б.ЭНХЦЭЦЭГ