Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар хөдөөгийн сумдын багш нарыг хамруулсан “Сайн багш” хөтөлбөр хэрэгжиж эхлэв. Хоёр үе шаттай явагдах уг сургалтад Шарын гол, Орхон, Хонгор сумдын 165 багш хамрагдаж байна.
Суралцагчдад хүртээмж чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж хүүхэд нэг бүрийн авъяас чадварыг хөгжүүлэх өргөн хэмжээний судалгаа хийж багш нарт хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга замаа алган дээрээ тавьсан мэт тод харах боломжийг бүрдүүлэх зэрэг боловсролын салбарын зайлшгүй шаардлагууд тавигдсан. Тиймээс уг шаардлагад нийцсэн багшийн мэргэжил дээшлүүлэх ажлыг сумдын сургуулиудаасаа эхлэх нь зүйтэй гэж үзэж уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Сумдын багш нарын хөгжлийг дэмжиж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж багш ажилтны хуримтлагдсан туршлага хэрэгцээнд нь тулгуурлаж ажлын байрандаа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг түгээн дэлгэрүүлж чадваржуулах зорилготой хөтөлбөр. Уг хөтөлбөрийн эхний шат ийнхүү 3 өдөр үргэлжилж дуусах бол хоёр дахь шат нь тусгай хөтөлбөрийн дагуу сум тус бүрт хийгдэх ажээ.