Монголын залуучуудын холбоо 12 жил завсарласны эцэст V их хурлаа өнгөрсөн бямба гаригт хийлээ. 2003 оноос хойш өөрчлөөгүй дүрмээ энэ үеэр шинэчилж, дотоод бүтцээ хэлэлцэн, Ерөнхийлөгчөө улираан сонгов. Мөн тус холбоо үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг бүх салбар, нэгжүүддээ хүргүүлэн, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд бүх гишүүн хяналт тавьж “хоточ нохойн” үүрэг гүйцэтгэхээр болсон. Түүнчлэн залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийг ХАХНХЯ-тай хамтран боловсруулснаа хурлаар хэлэлцэн, Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барихаар тогтов. Уг бодлогын баримт бичгийг батлуулахад УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг” идэвхтэй ажиллана.