Өнөөдөр Төрийн шагналт, ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан гуайн мэндэлсэн өдөр. Дэлхийд алдартай олон тайзнаа Монголын нэрийг дуудуулж, бахархуулж чадсан энэ эрхэм хүн олон сайхан уран бүтээлч төрүүлсэн. Өдгөө ч Монголын сонгодог урлагийн ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлтгэсээр буй нэгэн том сургууль билээ. ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Магилжавын Болд “Төрийн шагналт Х.Уртнасан гуай Ж.Пуччинийн Чио Чио Санг жинхэнэ утгаар нь амилуулсан, үнэхээр гайхалтай. Би гаднын хэд хэдэн том театрт “Эрвээхэй хатагтай” дуурийг үзсэн. Тэр дүрийг манай Х.Уртнасан гуай шиг амилуулсан хүн байхгүй” гэж ярьсан нь санаанд буулаа. Үнэхээр монгол бүсгүй Х.Уртнасан дэлхийн зиндаанд үнэлэгдэх тийм л дуучин.
Монголд сонгодог урлагийн суурийг тавилцсан, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гонгорын Хайдав гуай “Х.Уртнасан бол урдаа барьдаг шавь минь байсан. Тэрбээр аль ч цаг үед үлгэр жишээ манлайлагч байсаар ирсэн. Энэ хүн өөрийн чин хөдөлмөр, зүтгэл, авьяасаар өндөр амжилтад хүрч, түмэн олонд урам хайрлаж байсан бахархалт хүн юм шүү. Цаашид ч хийж, туурвих хугацаа, зам урт байгаа. Уртнасандаа аз жаргалыг хүсээд, цаашид улам сайн зүтгээрэй. Булган сүүлтэй байж, олон сайхан шавь төрүүлээрэй” хэмээн ерөөлөө.
Мөн энэ өдөр 70 нас зооглож буй багшдаа мэнд хүргэнэ үү хэмээн түүний ууган шавь, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Н.Мөнхжаргалтай холбогдоход “Багшдаа баяр хүргэхээр шавь нар нь гэр лүү нь явж байна. Бид их азтай. Ийм мундаг хүний шавь болсондоо туйлаас баярлаж, бахархаж явдаг шүү, багш аа. Зуун зуун дамжин цуурайтах алдрын оргилд хүрсэн багш минь эрүүл энх байж, аз жаргалтай урт наслахыг ерөөе” гэсэн бол өөр нэгэн шавь Б.Дэлгэрбаяр нь “Монголын бахархал болсон багшдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Таны ачаар энэ сайхан мэргэжлийг эзэмшсэндээ баярладаг шүү. Нэрийг тань өндөрт өргөж явна аа” гэснийг сониноор дамжуулан хүргэе.
Төрсөн өдрийн эзэн, Төрийн шагналт Х.Уртнасантай холбогдлоо.
-“Өнөөдөр” сонины хамт олон уншигчдынхаа өмнөөс танд нэр шигээ урт наслахыг хүсье. Төрсөн өдрийн талаарх дурсамжаасаа хуваалцана уу. Хамгийн мартагдашгүй тэмдэглэсэн төрсөн өдөр хэдэн насных бол?
-Би хөдөө төрж, өссөн хүн. Намайг бага байхад ер нь төрсөн өдрийг баяр болгон, цэцэг, жимс, бялуутай тэмдэглэдэггүй байсан юм. Хотод ирээд, урлагтай амьдралаа холбосноос хойш л тэгж өргөн тэмдэглэж эхэлсэн. Хамгийн мартагдашгүй тэмдэглэсэн анхны төрсөн өдөр гэвэл 1965 оны долдугаар сарын 9. Энэ өдөр миний ууган охин нэг нас хүрсэн юм. Нөхөр бид хоёр бөөн хөл хөөрцөг болж, хээрийн цэцэгтэй, элдэв амттантай охиныхоо ойг тэмдэглэсэн. Дэлгүү яваад охиндоо гутал, хувцас, тэрэг авч байснаа мартдаггүй. Ер нь төрсөн өдөр бол ээждээ баярлах өдөр гэж боддог. Нийслэлд ирээд энэ өдрийг тэмдэглэдэг болсноос хойш хамгийн түрүүнд би ээждээ баяр хүргэж утасддаг байлаа. Тэр үед одоогийнхтой адилгүй шүү дээ. Шууданд очиж, гурван минутын захиалга өгөөд орон нутагтай холбогддог байсан юм. Тэгээд ээжтэйгээ ярихаар миний үгийг ер сонсож байгаа шинжгүй “Охин минь, чи сайн уу, ажил төрөл нь дажгүй юу” гээд л миний төлөө санаа нь зовсон хүн баахан юм шалгаадаг байж билээ.
-Тэгвэл санаанаас гардаггүй сонирхолтой бэлэг авсан төрсөн өдөр хэзээ тохиосон бол?
-Би тэр жил Узбекистаны дуурийн театрт уригдан “Тоска”, “Чио Чио Сан”, “Евгений Онегин” дуурьт дуулсан юм. Тэнд байж байхад төрсөн өдөр минь болсон. Хоёр дуурьт дараалан дуулаад дууссаны дараа тус театрын хамт олон надад төрсөн өдрийн мэнд хүргээд, цэцэг, жимсээр дүүргэсэн ширээнд урьсан. Ташкент жимсний орныг хэлэх үү, ширээ дүүрэн жимс. Жимс тийм олон төрөл байдгийг тэнд анх удаа тэгж харав, би. Тэгээд надад Чарли нэртэй овчарк бэлэгдэж, удамшил болон эрүүл мэндийнх нь бичгийн хамт өглөө. Би Узбекээс Ленинградад очиж, дуулах ёстой байсан учраас түүнийг Москва руу онгоцоор авч явж, манай Консулын газарт хүргэж өгсөн. Би ажлаа дуусгаад Монгол руу буцахдаа Чарлийг галт тэргээр авч явсан. Тэр нохой хүүхдүүдтэй минь өсөж, их урт насалсан даа.
Дашрамд дуулгахад, Төрийн шагналт Х.Уртнасангийн 70 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт ирэх саырн 19-нд СТӨ-нд болно. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган санаачилсан тус тоглолтод ДБЭТ, УДЭТ, ҮДБЭЧ, ЦДБЭЧ, Филармони, ХЦДБЧ, ХБК, Төв аймгийн “Монгол туургатан” болон Булган аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон ая дуугаа өргөж, хүндэтгэл үзүүлэх юм билээ.