Монголын залуучуудын холбоо 12 жил завсарласны эцэст V их хурлаа өнгөрсөн бямба гаригт хийлээ. 2003 оноос хойш өөрчлөөгүй дүрмээ энэ үеэр шинэчилж, дотоод бүтцээ хэлэлцэн, Ерөнхийлөгчөө улираан сонгов. Мөн тус холбоо үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг бүх салбар, нэгждээ хүргүүлэн, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд гишүүд нь хяналт тавьж “хоточ нохойн” үүрэг гүйцэтгэхээр болсон. Түүнчлэн залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийг ХАХНХЯ-тай хамтран боловсруулснаа хурлаар хэлэлцэн, Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барихаар тогтов. Уг бодлогын баримт бичгийг батлуулахад УИХ дахь “Залуучуудыг дэмжих лообий бүлэг” идэвхтэй ажиллана.
Үндсэн дүрмээр Монголын залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албанд Монголын оюутны холбооны ерөнхийлөгчийг шууд томилдог болсон тул Д.Батбаяр үүрэгт ажлаа авлаа. Мөн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар О.Алтансүхийг томилов. Эдгээр удирдлагаас гадна Монголын залуучуудын холбоо 16-40 хүртэлх насны үе үеийн төлөөлөл бүрээс нэг хүнийг сонгон дэд ерөнхийлөгчөөр ажиллуулахаар боллоо. Мөн таван хүний бүрэлдэхүүнтэй хариуцлагын хороо байгуулсан нь холбооны дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцох үүрэгтэй аж. Түүнчлэн нийгмийн салбар бүрт ажиллаж буй залуучуудаа дэмжих үүднээс их наяд төгрөгөөр хэмжигдэх сангууд байгуулах гэнэ. Тухайлбал, хоёр их наяд төгрөгийн хөрөнгөтэй Залуучуудын орон сууцны зээлийн дэмжлэгийн сан байгуулах саналаа Монголбанкинд хүргүүлэх юм байна.
Энэ сан нь ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй хүн бүрт урьдчилгаа төлбөр, зээл олгох аж. Энэ мэтчилэн V их хурлаас 30 гаруй тогтоол гарч, залуучуудад олон боломж нээгдэв. Хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг нийгмийн бүлгийг төр халамжилдаг ч залуучууд орхигддог. Нөгөөтэйгүүр хөдөлмөрлөх насны хүмүүс төрөөс дэмжлэг хүсэх нь учир дутагдалтай учраас Монголын залуучуудын холбоо бодлого хэрэгжүүлэгчээр ажиллахаар болжээ. Түүнчлэн бүтээн байгуулалтад гадаадаас ажиллах хүч авахын оронд ажилгүй монгол залуучуудаа ажилтай болгох нөхцөл бүрдүүлэхийг Засгийн газраас шаардах юм байна. Тус холбооны хийсэн судалгаагаар өнөөдрийн байдлаар сумдад 1600, Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй 3000 гаруй залуу ажилгүй байгаа гэнэ.
Монголын залуучуудын холбоог нам, бүлгэмийн гар хөл, хэн нэгний улс төрд орох гүүр гэж хардаг хүн олон. Энэ нь ч үндэслэлтэй бөгөөд санхүүжилт байдаггүйтэй холбоотой. Тэгвэл тус холбоо өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй болохын тулд гишүүдээ гурав ангилан, зарим гишүүнээсээ татвар авахаар болжээ. Ингэснээр санхүүгийн хувьд бага ч атугай бие дааж, хэн нэгэн улстөрчийн халаасанд “орохгүй” байх боломж бүрдэх юм. Тэрчлэн салбаруудаараа дамжуулж, аймаг, сум бүрийн оршин суугч, иргэдийн саналд үндэслэн УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн хар жагсаалтыг ирэх аравдугаар сар гэхэд гаргах юм байна. Үүнийгээ аравдугаар сарын 2-нд болох Үндэсний залуучуудын зөвлөлийн хоёрдугаар хурлаараа олон нийтэд зарлах аж.
Э.ЦЭЦЭГ