Өнгөрсөн мягмар гаригт Францын нутагт, Альпийн нуруунд осолдсон Германы "Germanwings" компанийн 4U 9525 нислэгийн дугаартай онгоцонд явсан 150 хүн бүгд амиа алдсан билээ. Тэдний биеийн хэсгүүдийг олох, хэн болохыг нь таних ажил үргэлжилж байна. Одоогоор амь үрэгдэгсдийн 78-ынх нь ДНХ-ыг тогтоож, уулнаас буулгажээ.
Онгоцыг хоёрдугаар нисгэгч 27 настай Андреас Лубиц санаатайгаар сүйрүүлсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа. Түүний цогцсыг олсон, ДНХ нь тогтоогдсон хүмүүсийн дунд түүний нэр байгаа гэх мэдээллийг Германы тал няцаасан байна. Ослын газарт ажиллаж буй олон улсын баг онгоцны хоёр дахь хар хайрцгийг олохоор ажиллаж байна.