“Mongolia open-2015” олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрөв дэх алтан медалиа хүртэж нэгэн дээд амжилтын эзэн болов.
Буянт-Ухаа спортын ордонд Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулдаг тус тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж Дэлхийн аварга С.Батцэцэг гурав дахь удаагаа алтан медаль хүртэж, гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, ОУХМ Д.Гомбодорж, П.Орхон, Б.Нэмэхбэяр нар хошой аварга болсон бол Э.Бэхбаяр, Д.Хүдэрбулга, Д.Отгонцэцэг нар анх удаа түрүүлэв.
Тав дахь удаагаа болсон тус тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, Франц, Герман, Польш, Беларусь, Казахстан, Бразил зэрэг 14 орны 151 гаруй бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөж шилгүүдээ тодруулав. Уг тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг, Эрэгтэй: 57 кг, 65 кг, 74 кг, 97 кг-ын барилдаанууд болж зургаан жинд нь Монголын бөх түрүүлж төрийн дууллаа эгшиглүүллээ.