HTML-
УУЯ, Ашигт малтмалын газар, МҮХАҮТ “Mongolia Mining-2015” олон улсын уул уурхайн үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 1-3-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт тав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар өнөөдөр “Майнэкс Монгол” компанийн захирал Т.Баттулга, “Эрдэнэс Монгол” компанийн Уул уурхайн төсөл, хөтөлбөр хариуцсан захирал Ж.Төмөрпүрэв нар мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн үзэсгэлэн уул уурхай ба газрын тосны техник технологи гэсэн үндсэн хэсгээс бүрдэх юм. Мөн эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих мега төслүүд сэдвээр семинариуд мөн тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулах аж.
“Майнэкс Монгол” компанийн захирал Т.Баттулга, “Энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, БНХАУ, Турк, Швед гэх мэт 15 орны 120 аж ахуйн нэгж оролцож, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөө танилцуулна. Үзэсгэлэнгээр дамжуулан сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг судлах, эх орондоо нутагшуулах боломжийг эрэлхийлэх зорилготой юм. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг гадаадын хөрөнгө оруулагчид болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах боломжийг нээх зорилго тавин ажиллаж байна” гэлээ.