Монгол орны байгалийн цогцолбор газрыг улс, орон нутгийн тусгай хамгаалалтад авч, тэнд ашигт малтмал олборлохыг хориглодог. Гэвч орон нутгийн удирдлагууд эрх мэдлээ хэтрүүлэн, улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгох явдал гарсан. Тухайлбал, Ховд аймгийн нутагт байдаг Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газарт хэсэг хүн гар аргаар гянтболд их хэмжээгээр олборлож байжээ. Тэднийг орон нутгийн хууль хяналтын байгууллагынхан шалгахад бүгд ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй байсан гэнэ.
Учрыг нягтлахад Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга Р.Бадамцэцэг, Цэцэг сумын Засаг дарга Д.Цогбадрах нар Цэцэг сумын Баян-Овоо багийн Цагаан эрэг гэх газарт нинжа нарт зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон талаар бид 2014 оны арваннэгдүгээр сард мэдээлж байсан. Уг хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлсэн гэнэ.
Мөрдөн байцаалтын явцад Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газрын тусгай хамгаалалтын захиргааны дарга Сувданчимэг, дээрх хоёр сумын Засаг дарга нартай бүлэглэн дураараа аашилж, хуулиар тогтоосон журмыг зөрчин хууль бусаар гянтболд олборлох үйл ажиллагаанд иргэдийг оролцуулан, улмаар тэднээс төлбөр хураамж авч байжээ. Ингэж хууль бус шийдвэр гаргаж, ашигт малтмал олборлуулснаас байгаль орчинд нэг тэрбум 14 сая гаруй төгрөгийн хохирол учирсныг тогтоосон аж.
Тиймээс дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлд заасан “Тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан”, 236 дугаар зүйлд заасан “Дураараа аашилсан” гэсэн үндэслэлээр Дүүргийн II прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлсэн аж.