Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, тус аймгийн “Шинэ Бадрах” компанийн захирал Д.Бадрахад ЗБГХТГ-аас хууль бусаар мод бэлтгэж, байгаль орчинд хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүнийг 2014 оны эхний есөн сарын байдлаар Түшиг, Цагааннуур сумын нутгаас ойн арчилгаа, цэвэрлэгээ нэрийн дор хууль бусаар 4470 шоо метр нойтон мод огтолсон хэмээн буруутгаж буй. Газар орон дээр нь очиж ажилласан шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байгаа юм билээ. Д.Бадрах зөвхөн мод огтолсон хэрэгт холбогдсоноор барахгүй хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр түүний удирддаг “Шинэ Бадрах” компанийнхан Ерөө голын сав газарт зохих зөвшөөрөлгүйгээр алт ухсанаас байгаль орчинд багагүй хэмжээний хохирол учруулсан гэдгийг нотлох баримтаар тогтоосон аж. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр Ерөө, Шарын гол сумын заагт Могойн гол орчмын газрыг хөрсөөр нь эргүүлсэн байгаа гэнэ. Ингэж зохих зөвшөөрөлгүйгээр алт олборлохдоо орон нутгийн удирдлагад нь Сурын талбай байгуулж өгөхөөр амлаж байсан ч өнөөг хүртэл барьж өгөөгүй сурагтай.