Манай улсын хилийг гадаадын иргэд зөрчиж орж ирсэн хоёр ч тохиолдол өнгөрсөн долоо хоногт гарсныг хилчид илрүүлэн саатуулжээ. Тухайлбал, хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 27-нд БНХАУ-ын талаас нэг явган хүн орж ирсэн гэнэ. Түүнийг саатуулан улсын хил зөрчих болсон шалтгааныг нь тодруулахад “Монгол Улсад амьдрах хүсэлтэй” хэмээн ярьжээ. Мөн ОХУ-аас хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр нэг хүн хил зөрчин орж ирснийг шалгахад тарвагачлах зорилготой явсан гэж мэдүүлсэн байна. Эдгээр хил зөрчигчийг тус тусынх нь орны холбогдох байгууллагад хилийн уулзалтаар хүлээлгэн өгчээ.