“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Эрүүгийн хуульд заасан албан тушаал эрх мэдлээ урвуулан мөнгө завшсан, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар тооцон хоёр сарын хугацаагаар цагдан хориод байгаа. Оргон зайлж болзошгүй, мөрдөн байцаалтад саад учруулах магадлалтай гэж үзэн түүнийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ийнхүү хорьсон бөгөөд хоригдож байх хугацаанд бие нь муудаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтжээ. Архаг хууч нь сэдэрсэн тэрбээр тус эмнэлэгт нэлээд хугацаанд хэвтэх аж. Харин өмгөөлөгч болон гэр бүлийнхэн нь батлан даалтад гаргаж өгөөч гэсэн хүсэлт АТГ, прокурорын байгууллагад гаргаад буй сурагтай. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатны “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөг, гадаадын хөрөнгө оруулалттай компанид 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмж сонгон шалгаруулалтгүй шилжүүлсэн, хувийн компаниудаар ажил гүйцэтгүүлчихээд төлбөрийг нь өгөлгүй завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа ч хэргийг шалгаж буй АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн ч, хяналт тавьж буй прокурорын байгууллагынхан ч албан ёсны мэдээлэл өгөхгүй байгаа билээ. Зарим албан бус эх сурвалж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг гадаадаас ирэх хүртэл батлан даалтад гаргахгүй байж магадгүй хэмээн ярьж байгаа юм.