Төрийн ордны хамгаалалтын бүс болон бусад яам агентлаг, хувийн компанийн орчимд галт зэвсэгтэй нэвтэрч, тэсрэх бодисоор иргэдийг айлган цочирдуулж, хууль бусаар байлдааны галт хэрэгсэл олж авсныхаа төлөө шүүхээс долоон жилийн ял сонсоод байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нартай холбоотой асуудлаар тус холбооны төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ.Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүссэн өргөдөл Ц.Мөнхбаяр өмнө нь хоёр удаа өгсөн. Өнгөрсөн онд тэрбээр гараар бичсэн өргөдлөө хоригдож буй ангийн удирдлага болон ШШГЕГ-аар дамжуулан өгсөн байдаг. Гэтэл уучлал хүссэн захидлууд нь холбогдох хүндээ очихгүй байгаа нь гайхмаар. Энэ бүгдийг эргэн харж, Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарт уучлал үзүүлээсэй гэж хүсэж байна. Г.Болдбаатарын эрүүл мэндийн байдал хүнд байгаа. Ерөнхийлөгч маань уужуу тайван хандаж, дахин энэ асуудалд анхаарал хандуулна гэдэгт итгэж байна. Тиймээс Ц.Мөнхбаярын гурав дахь захидлыг бид өнөөдөр албан ёсоор хүргүүлж байна” гэсэн юм. Өмнөх захидлууд нь Ерөнхийлөгчид очоогүй гэдгийг Төрийн тэргүүн ярилцлага өгөхдөө хэлж байсан бол өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл нь албан ёсоор ирсэн гэх мэдээлэл байна.