Улсынхаа хүн ардын эрүүл мэндийг хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан, хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж яваа шилдэг 15 эмч өчигдөр “Алтан чагнуур”- ын эзэн боллоо. Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээ Дэлхийн эмч нарын өдөр болдгоороо онцлогтой. Эмч нарын нэр хүнд шавартай хутгалдаж, амтай болгон нь тэднийг муучилдаг болсон эдүгээ цагт цагаан нөмрөгтнүүдийг алдаршуулах, ард түмэнд таниулах, хөдөлмөрийг нь үнэлэх зорилготой эл арга хэмжээ эрүүл мэндийн салбарынхны хүсэн хүлээдэг баяр нь болжээ.
Өдгөө 60-аад эмч “Алтан чагнуур”-тай болоод байгаа аж. Өнөө жил аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйлдвэрчний эвлэлүүд 60 гаруй шилдэг эмч, мэргэжилтнийхээ нэрийг дэвшүүлснийг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ) тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн, шалгаруулжээ. Энэ шагналын эзнээр тодорсон эмч нар жилд нэг удаа тухайн байгууллагаасаа мөнгөн урамшуулал авах, ЭМСЯ, МЭМАҮЭХ тэдний цалинг нь зах зээлийн жишигт хүргэх зэрэг олон асуудлыг нь хамтран шийдэж өгдөг. “Алтан чагнуур”-ын 15 номинацид 60 гаруй эмч өрсөлдсөнөөс Дотор судлал төрөлд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболд шалгарав.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт 34 жил ажиллахдаа долоон удаа эмчилгээ, үйлчилгээний шинэ технологи нэвтрүүлжээ. Энэхүү шагналыг батламж, энгэрийн тэмдэг, эмчийн чагнуур, өрөөний хаяг, HD брэндийн зөөврийн компьютер дагалдаж буй. Хүүхдийн өвчин судлалаар Салбартаа 25 жил ажиллахдаа 30 гаруй мянган хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэн, 2014 онд улсын хэмжээнд хүүхдийн жишиг хүлээн авах тохижуулснаараа Дархан- Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч В.Шаравжамц “Алтан чагнуур”- ын эзэн болсон юм. Мэс засал судлалаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн эрхлэгч З.Лхагвасүрэн шалгарав. Тэрбээр 1995 онд судсан дотуурх мэс заслын аргаар элэг, бөөрний эмгэг эмчлэх арга нэвтрүүлснээр Монголын анагаах ухаанд нэгэн дэвшил авчирчээ.
Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин судлалаар Орхон аймгийн БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч Л.Ганболд өнгөрсөн 22 жилийн хугацаанд давхардсан тоогоор 91800 үйлчлүүлэгчид нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэн, 4655 эх, нярайг эсэн мэнд амаржуулсан тул МЭМАҮЭХ түүнийг шилдэг эмч хэмээн батламжилсан юм. Сэтгэцийн эмгэг судлалын төрөлд СЭМҮТ-ийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгч Д.Лянхуа “Алтан чагнуур”-ын эзэн болсон юм. Тэрбээр СЭМҮТ-д 32 жил тасралтгүй ажиллаж буй бөгөөд Монголд шүүх сэтгэцийн мэргэжил эзэмшсэн цорын ганц мэргэжилтэн аж. Нийгмийн эрүүл мэнд судлалаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны тархвар судлаач, их эмч Ч.Уртнасан эрүүл мэндийн салбарт 34 жил ажиллахдаа ДОХ-той тэмцэх ажлыг Монголд эхлүүлсэн, ДОХ-ын халдвараас сэргийлэх хуулийн төсөл гурван удаа боловсруулж, УИХ-аар батлуулсан, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 3-4 удаа шинэчилсэн зэрэг нь түүний “Алтан чагнуур” зүүх хангалттай шалтгаан биз ээ.
Мэдрэлийн өвчин судлалаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хэвтэн эмчлүүлэх тасгийн эрхлэгч, мэдрэлийн их эмч З.Уранчимэг, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний төрөлд ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Б.Ганбилэг, Арьсны өвчин судлалаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Клиникийн I тасгийн их эмч А.Байгальмаа, Сумын эрүүл мэнд судлалаар Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Ё.Дуламсүрэн, Эмнэлзүй, лаборатори судлалаар Эмгэг судлалын үндэсний төвийн лабораторийн эрхлэгч, эс судлаач Д.Нарантуяа, Уламжлалт анагаах ухаан судлалаар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлгийн тасгийн эрхлэгч Ц.Өлзийбаяр, Нүүр, ам, нүд, чих, хамар, хоолойн өвчин судлалаар Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн Нүүр, амны эмчилгээний тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа, Хавдар судлалын төрлөөр ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, зөвлөх эмч Я.Эрдэнэ-Очир Дүрс оношилгоо судлалаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн дүрс оношилгооны эмч Б.Наранчимэг хүүхдийн ЭХО-г Монголд нэвтрүүлснээрээ тус тус шалгарсан юм.
О.БАТ-УНДРАХ