Германд өчигдөр ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Өмнөх Ерөнхийлөгч Хорст Кёлер өнгөрсөн тавдугаар сарын 31-нд санаандгүй байтал огцорсон юм. Олон улсын валютын сангийн тэргүүн асан нэгэн ярилцлагадаа Германы цэрэг улсынхаа эдийн засгийн ашиг сонирхлыг илэрхийлж Афганистанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа юм хэмээн барим тавим “нотолсон”-оос үүдэлтэй дэгдсэн маргаан Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох шалтгаан болсон хэмээн өнөөдөр ярьж, бичиж байгаа билээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд Доод Саксонийн холбооны газрын Ерөнхий сайд Кристиан Вульф, хүний эрхийн төлөө нэрт зүтгэлтэн Йоахим Гаук, Бундестагийн депутат Лук(Лукреуию) Йохимсен нар нэр дэвшсэн юм. 50 настай К.Вульф Христосын ардчилсан холбоо (Христосын нийгмийн холбоо намаас бүрдсэн Засгийн газрын “хар-шар” эвслийг)-ноос 70 настай, санваартан, БНАГУ-ын үед хүний эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байсан Й.Гаук сөрөг Социал демократ болон ногоон намыг, Л.Йохимсен зүүний намыг тус тус төлөөлж буй юм.
Германд төрийн тэргүүнийг Үндсэн хуулийн дагуу Бундестагийн депутатууд, Холбооны газрын төлөөлөгчдөөс бүрдсэн тусгай хурлаас сонгодог. Эрх баригч эвсэл сонгогчдын дунд олонх учраас К. Вульф ялах магадлалтай хэмээн үзэж байна.
Б.БУЯНЦОГ