Монголын оюун ухааны академи /МОУА/-аас санаачлан зохион байгуулдаг “Ой тогтоолтын улсын аварга-2015” оюуны спортын тав дахь удаагийн тэмцээн нь 2 үе шаттай явагдаж байгаа юм.
Эхний шалгаруулалт 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдөр нийт 120 тамирчин ой тогтоолтын 8 төрлөөр өрсөлдсөн. Тэднээс бага, дунд, насанд хүрэгчдийн ангиллын 50 тамирчин шалгарсан бөгөөд дөрөвдүгээр сарын 4-нд эцсийн шалгаруулалт тэмцээн болно. Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллаж байна. Шигшээ тэмцээнд тамирчдын гаргах амжилтууд нь дэлхийн чансаанд бичигдэх юм. Энэ тэмцээн нь Монголын оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах, хүн бүр оюуны чадамжаа хэрхэн ашиглаж болдгийг харуулах зорилготой.
Энэ удаагийн шигшээ тэмцээнд багананд өгөгдсөн үгс, Хоёртын тоолол, нэр, зүс царай, тооны марафон, хөзрийн дараалал, тооны марафон-хурд, хийсвэр зураг, түүхэн үйл явдал, дуут цифр, хөзөр-хурд гэсэн 10 төрлөөр өрсөлдөнө. Нас насны ангилалд төрөл бүр дээр эхний 3 байр шалгаруулж медаль, өргөмжлөл гардуулахаас гадна тэмцээний бүх төрлийн нийлбэр дүнгээр эхний 3 байрт орсон тамирчдыг цом, 1 сая, 750 мянган, 500 мянган төгрөгөөр урамшуулна.