Монгол, Орос, Хятад улсын хил дамнасан үзэсгэлэнт бүс нутаг Дагуурын талаас чоно “мессеж” илгээсэн талаар Оросын байгаль хамгаалагчид мэдээлжээ. Оросын нутагт орших Дагуурын дархан газрын төхөөрөмжид Байгалийн хязгаараас нэг настай чононоос дуудлага ирсэн аж. Тэр бол бэлтрэг байхад нь чиптэй хүзүүвч зүүлгэсэн судалгааны онцгой бай болсон чоно юм байна. Тэрхүү хүзүүвчинд чонон сүргийн явсан газар, чиглэл зэрэг мэдээллийг цуглуулах программ суулгасны дүнд ийнхүү алс холоос мэдээ дамжуулж буй нь энэ аж. “Захианы” ачаар талын чонон сүргүүд хоорондоо хэрхэн мэдээлэл солилцож, холбоо барьдгийг судлах боломжтой юм байна.