Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07.40, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийнхийг 08.00, төрийн байгууллагуудын ажил цуглах цагийг 08.30 болгон, өнгөрсөн хоёрдугаар сарын 16-наас мөрдөж эхэлсэн. Боловсролын байгууллагын багш, ажилчид, эцэг эхчүүд зэрэг нийт 11.409 хүнээс цагийн хуваарийн өөрчлөлт, үр дүнгийн талаар судалгаа авчээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 66.9 хувь нь ажил эхлэх, дуусах цагийн хуваарийн өөрчлөлт нь үр дүнтэй байна гэсэн бол 54.6 хувь нь цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар замын түгжрэл буурсан, 53.7 хувь нь нийтийн тээврийн ачаалал багассан гэжээ. Харин хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөхөд цагийн хуваарийн өөрчлөлт нь хүндрэлтэй байгаа эсэх талаар судалгаанд оролцогчдын 50.3 хувь нь ажил эхлэх цаг, 45.8 хувь нь ажил тарах цаг хүндрэлтэй байна гэжээ.