Өчигдөр хуралдсан Увс аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаанаар аймгийн төсөвт тодотгол хийж, “Их наяд-Увс 2024” хөтөлбөрийг баталлаа.
2014 онд аймгийн ЗДТГ-аас Хөгжлийн бодлого, эдийн засгийн судалгааны хүрээлэнтэй хамтран “Их наяд-Увс 2020” хөтөлбөрийн судалгааг хийж, энэ оны эхний улиралд багтаан аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлуулахаар төлөвлөжээ. Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго нь одоогоор 201 орчим тэрбум төгрөг байгаа Увс аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2020 он гэхэд нэг их наяд төгрөгт хүргэх явдал байна. “Их наяд” хөтөлбөр нь “Мах таръя”, “Бяцхан санхүүч”, “Хуурай газрын далай-Увс, Хяргас нуур”, “Бизнест ээлтэй дэд бүтэцтэй аймаг”, “Чацаргана төсөл” гэсэн дэд төслүүдтэйаж. Төлөөлөгчдийн хувьд “Их наяд”, “Мах таръя” гэсэн өвөрмөц нэрнүүд дээр нэлээд маргалдсанаас гадна 201 орчим тэрбум төгрөг байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнээ таван жилийн хугацаанд тав дахин өсгөж нэг их наядад хүргэнэ гэдэг үлгэрийн далай гэхмэтээр шүүмжилж байлаа. Мөн товлосон хугацаанд тодорхой ажил хийхээр зоригтой амлаж байгаа нь сайшаалтай хэмээн магтах төлөөлөгчид ч цөөнгүй байв.
Асуудал оруулагчдын хувьд хөтөлбөрийн нэрэнд биш, агуулга утга санаанд ач холбогдол өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бөгөөд мэргэжлийн судалгааны байгууллага хийсэн, хүрэх зорилго нь тодорхой, хэмжих нь үзүүлэлт нь илэрхий хөтөлбөр болсон хэмээн онцолж байлаа.
Увс аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар тус хөтөлбөрийн “Ихнаяд” нэрийг хэвээр үлдээж, хэрэгжүүлэх хугацааг нь 2014-2024 он болгосноор “Ихнаяд Увс-2024” хөтөлбөр батлагдаад байна.