Цагдаагийн байгууллагад автомашины толь алга боллоо гэсэн дуудлага ихэссэн тухай холбогдох албаныхан мэдээллээ. Ялангуяа Prius машины толь, дугуйг энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд их хэмжээгээр үйлддэг болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна.
Улаанбаатар хотын цагдаагийн газраас дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран автомашины толь болон эд анги ихээр хулгайд алдагдаж байгаатай холбогдуулан энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хулгайд алдагдсан эд зүйлийг худалдан авдаг ченж нарыг илрүүлэх зорилгоор "ТОЛЬ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна.
Энэ хүрээнд нийтдээ 194 албан хаагч ажиллаж, 144 аж ахуй нэгж байгууллагыг шалгажээ.
Үүний үр дүнд тээврийн хэрэгслийг ашиглан автомашины дугуй, толь хулгайлдаг 45-н үйлдэлтэй гурван этгээд, Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 50 гаруй үйлдэлтэй хоёр этгээдийг тус тус шалгаж эхэллээ.
Иргэд, аж ахуй нэгжүүд гэмт хэргийн замаар алдагдсан автомашины эд зүйлсийг худалдан авсан тохиолдолд цаашдаа өөрсдөө хохирч, хариуцлага хүлээдэг байна. Мөн нэгдүгээр сарын 28-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Сөүл хотхоны хашаан дотроос Prius-20 маркийн автомашин алдагдсан хэрэг гарсан. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагч нар илрүүлэн ,шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Уг хэргийг иргэн Б гэгч үйлджээ.