Нийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргаж, мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай, анхан шатны боловсруулалт хийгээгүй түүхий ноос өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод оруулахгүй байхаар болжээ. Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллах үүрэг хүлээсэн нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээс зарим зүйл тодрууллаа.
-Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой болохыг та хэлж өгөөч?
-Улаанбаатар хотод тулгамдаж буй, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудын нэг бол байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй үйлдвэрлэл болон түүний үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээ. Хотын төв цэвэрлэх байгууламж маш бохир усыг Туул гол руу шууд цутгаж байгаа нь үүний нэг жишээ. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг арьс ширний үйлдвэрүүдийг 2012 оны УИХ-ын 74 дүгээр тогтоолоор хотоос нүүлгэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар болсон. Мөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хотоос нүүлгэж шилжүүлэхээр ажиллаж байна. Зарим арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн сүүлийн шалгалтаар тодорхой болсон. Тиймээс өнөөдрөөс эхлэн угаагаагүй бохир ноосыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэр лүү нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр хотын Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг багасгана гэж бид тооцож байна. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын Цагдаагийн газар хөдөө орон нутгаас нийслэл рүү орж буй гол замууд дээр пост гаргаж шалгалт хийнэ.
-Тэгвэл иргэн, аж ахуйн нэгж ноосоо хаана угаах вэ?
-Улаанбаатар хотод ноос угаадаг байсан зарим үйлдвэр хөдөө орон нутагт шилжин ажиллаж байна. Одоогоор 12 аймагт ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Харин төрийн бодлого, чиглэлийг дэмжихгүй, эсэргүүцэж хот дотор үйл ажиллагаа явуулж байгаа 4-5 аж ахуйн нэгж байна. Тэдний хэлж буйгаар хотоос гараад ажиллах бүрэн боломжтой гэсэн. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж өөрийн аймагтаа болон ойролцоо аймагтаа очиж ноосоо угаалгаад хот руу оруулах боломжтой.
-Цаашид зөвхөн ноос гэлтгүй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх ажил хэрхэн үргэлжлэх вэ?
-УИХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээ авч байна. Мэдээж бүх үйлдвэрийг шууд гаргах боломжгүй тул төрлөөр нь ангилан тооцоо, судалгаа хийж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд ч боломж олгох замаар нүүлгэхээр төлөвлөсөн.