УИХ, Шийдлийн Засгийн газраас баталсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот” хөтөлбөрт тусгасан аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, олон улсын жишигт нийцсэн орчин үеийн терминал төвийг байгуулах зорилтод нийцсэн Драгон олон улсын зорчигч тээврийн төв өнөөдөр нээлтээ хийлээ.
Зорчигч тээврийн үйлчилгээний зах зээлийн эрэлт хэрэгцээг төр дангаар хариуцан хангах боломж хомс тул энэ байдлыг өөрчлөн засахаар 2011 онд “Драгон Олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал” төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулан дэмжлэг авч хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2012 оны 9 сараас барилга угсралтын ажил эхэлсэн бол өнөөдөр үйл ажиллагаа хэвийн явуулах боломжтой боллоо.
Энэ төслийн эхний ээлж хугацаандаа баригдаж 12800 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний цогцолбор шинээр ашиглалтад орсноор 300 гаруй ажлын байр бий болж байгаа аж. Энэ нь 20 гаруй тэрбум төгрөгийн дотоодын хөрөнгө оруулалтаар босч байгаа “Драгон холдинг” компанийн томоохон бүтээн байгуулалтын ажил юм.
Нийслэлийн баруун болон баруун хойд зүгт оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчид ч гэсэн тус төвөөр үйлчлүүлэх боломж бүрдсэнээс гадна үйлчилгээ төвлөрснөөр үнэ буурч, барааны сонголт нэмэгдэх сайн талтай аж.
Төслийн дараагийн шатанд томоохон худалдаа, үйлчилгээ төвүүд, тохилог орон сууцны шинэ хорооллууд барих юм.
Өнөөдрийн байдлаар “Драгон Олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал”-аас Олон улсын болон хот хоорондын 16 аймаг 48 чиглэлд 37 аж ахуйн нэгжийн 700 гаруй тээврийн хэрэгслээр өдөрт 5000 хүртэл хүн үйлчлүүлж байна.
Барилгын зураг төслөөс эхлээд бодит бүтээн байгуулалтад “Оргил Шугам” ХХК, “Хөхийн элч” ХХК, “Билгүүн Од Констракшн” ХХК, “Харвайн толгой” ХХК, “Батлалт” ХХК, “Сигма Отис” ХХК, “Бат бэх ремикон” ХХК-иуд хамтран ажиллажээ.