Шийдлийн Засгийн газраас баталсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот” хөтөлбөрт аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох болон олон улсын жишигт нийцсэн орчин үеийн терминал төвийг байгуулах зорилт тавьж, төсөл боловсруулсан.
Зорчигч тээврийн үйлчилгээний зах зээлийн эрэлт хэрэгцээг төр дангаар хариуцан, хангах боломж хомс тул энэ байдлыг өөрчлөн засахаар Драгон төвийг шинэчилэн олон улсын зорчигч тээврийн болгон ашиглалтад орууллаа.
Төслийн эхний ээлж хугацаандаа баригдаж 12800 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний цогцолбор шинээр ашиглалтад орсноор 300 гаруй ажлын байр бий болж байгаа аж. Энэ нь 20 гаруй тэрбум төгрөгийн дотоодын хөрөнгө оруулалтаар босч буй “Драгон холдинг” компанийн томоохон бүтээн байгуулалтын ажил юм.
"Төслийн дараагийн шатанд томоохон худалдаа, үйлчилгээ төвүүд, тохилог орон сууцны шинэ хорооллууд барих юм. Нийслэлийн баруун болон баруун хойд зүгт оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчид ч гэсэн тус төвөөр үйлчлүүлэх боломж бүрдсэнээс гадна үйлчилгээ төвлөрснөөр үнэ буурч, барааны сонголт нэмэгдэх сайн талтай “Драгон Олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал”-аас Олон улсын болон хот хоорондын 16 аймаг 48 чиглэлд 37 аж ахуйн нэгжийн 700 гаруй тээврийн хэрэгслээр өдөрт 5000 хүртэл хүн үйлчлүүлэх боломжтой" хэмээн нээлтийн үеэр "Драгон холдинг" компанийн төлөөлөл хэллээ.