Говь-Алтай аймгийн МСУХ энэ хаврын анхны уралдаанаа саяхан зохион байгууллаа. Энэ удаа их нас, азарга, соёолон гэсэн дээд гурван насны морьдын уралдаан боллоо.
Азарганд 60 хурдан хүлэг уралдаж Баян-уул сумын уяач Н.Батболдын халтар азарга түрүүлсэн бол их насанд 93 шандаст хүлэг хурдаа сорьж мөн Баян-уул сумын уяач А.Цэвэлсүрэнгийн сартай хүрэн, соёолонд 85 морь явснаас Халиун сумын уяач Д.Даваацэрэнгийн алаг соёолон магнайлж уясан эзэн хурсан олноо баясгалаа. Энэ үеэр шалгаруулсан адууны сайхан хэрэглэлтэй хүнээр Баян-Уул сумын Д.Бөхөө шалгарч шагнал авчээ.
Мөн иргэн М.Давааням, бяцхан хүү Н.Содном нар азтанаар шалгарч тэдэнд аймгийн алдарт уяач Б.Ундрах, Д.Зандансүрэн нар шүдлэн насны адуу бэлэглэсэн байна. Говь-Алтай аймгийн бүх сум Баянхонгор аймгаас хурдан хүлгүүд ирсэн бөгөөд дараагийн бага гурван насны уралдаан 6 сарын нэгэнд болохоор шийдвэрлэжээ.