Өвөрхангай аймгийн “Монреаль” олимпийн зөвлөлөөс жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-нд тохиодог “Спорт, хөгжил, энхтайван, олимпизм” олон улсын өдрийг угтан сургууль, цэцэрлэгийн багш дасгалжуулагч, арга зүйчдийн дунд чадваржуулах сургалтыг зохион байгуулав.
Боловсрол, соёлын газартай хамтран байгуулсан уг сургалтад аймгийн 37 цэцэрлэг, 29 сургуулийн 76 багш дасгалжуулагч оролцжээ. Тэд спортын болон уран сайхны гимнастикийн заавал хийлгэдэг хөтөлбөр дасгалууд болон олимпийн боловсрол олгох сургалтад хамрагдлаа. “Чадваржуулах сургалт хоёр дахь жилдээ зохиож байна.
Өнгөрсөн жил Арвайхээр хотын хэмжээнд зохиосон бол энэ жилээс хүрээгээ тэлж, аймгийн ихэнх цэцэрлэг, сургуулийг хамарч чадлаа. Уг арга хэмжээний үргэлжлэл болгон тавдугаар сарын 22-нд аймгийн уран хөдөлгөөнт гимнастикийн АШТ-ийг зохион байгуулна. Бид спортын энэ төрлөөр УАШТ болон Хүүхдийн спортын наадамд оролцох зорилго тавьж байна” хэмээн “Монреаль” олимпийн зөвлөлийн захирал Б.Чанцалдулам ярьж байв.
Уг арга хэмжээнд МҮОХ-ны мэргэжилтэн Ц.Цэнд-Аюуш, Э.Батмөнх нар урилгаар оролцон, багш дасгалжуулагч, арга зүйчдэд олимпийн боловсрол олгож, Арвайхээр хотын IV сургууль, I, V, IV, VI цэцэрлэгт байгуулсан олимпийн булан, танхимын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн энэ үеэр спорт, олимпизмийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Б.Цэрмаа (Хархорин, II сургууль), И.Уртнасан (Арвайхээр, Цэцэрлэг баг сургуулийн цогцолбор) нарыг МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор, Ц.Отгонбямба (Арвайхээр, I сургууль), Т.Азбилэг (Арвайхээр, I цэцэрлэг), Б.Наранцэцэг (Арвайхээр, IV цэцэрлэг) нарыг дурсгалын алтан медалиар шагнаж, урамшуулсан юм.