Өнгөрсөн онд цаазаар авах ял сонссон хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэж олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгч “ЭмнэстиИнтернэйшнл” төрийн бус байгууллага мэдэгдлээ.
Лондон хотод төвтэй тус байгууллага цаазын ялын талаарх жил тутмын тайлан мэдээгээ гаргасан юм.
Уг тайланд дурдсанаар, БНХАУ хамгийн олон хүнд цаазын ял оноожээ. Тус улсад 1 000 гаруй хүнийг цаазалсан байна.
Мөн уг тайланд, БНХАУ-ын эрх баригчид хэдэн мянган хүнд цаазаар авах ял оноосон байж магадгүй бөгөөд аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цаазын ял оноох хандлагатай байна гэжээ.
2014 онд цаазын ялыг гүйцэтгэсэн тоо 2013 оныхтой харьцуулахад цөөн байна. Гэхдээ өнгөрсөн онд 55 улс, бүс нутагт 2 466 хүнд цаазын ял оноосон нь 2013 оныхоос 28 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өнгөрсөн онд Египет 500 гаруй хүнд, тэдний дотор засгаа газраа эсэргүүцэгч бүлэглэлийн гишүүдэд цаазаар авах ял оноожээ.
Нигери хүн амины хэрэгтэн, дээрэмчин голдуу 659 хүнд, Пакистан голдуу терроризмтой холбоотой хэрэг үйлдсэн 231 хүнд цаазаар авах ял оноосон байна.
“Цаазын ял оноох нь терроризм болон гэмт хэргийг таслан зогсооход хорих ял оноохоос илүү үр дүнтэй байж чадахгүй. Цаазын ял оноодог тогтолцоог зөвтгөж болохгүй” гэж “ЭмнэстиИнтернэйшнл”-ийн албаны хүн хэллээ.